Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2026-10-21

Бүрэн нөхцөл хоёр хэсэгтэй: «e-ID ТООН ГАРЫН ҮСЭГ» бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл — байгууллага, итгэгч тал, сувгийн түншид (хувилбар 1.1), ба гэрчилгээ эзэмшигч иргэнд зориулсан нөхцөл.

Хэсэг 1

«e-ID ТООН ГАРЫН ҮСЭГ» бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл

Хувилбар
1.1
Батлагдсан огноо
2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр
Мөрдөж эхлэх огноо
2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр
Үйлчилгээ үзүүлэгч
«ГЭРЭГЭ СИСТЕМС» ХХК

Агуулга

ХЭСЭГ I. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Талууд

1.1. Энэхүү бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл /цаашид «Нөхцөл» гэх/ нь «Гэрэгэ Системс» ХХК /улсын бүртгэлийн дугаар: 6235972; цаашид «Үйлчилгээ үзүүлэгч» гэх/ болон Нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулна.

1.2. Нөхцөл дараах этгээдэд хамаарна:

1.2.1. Байгууллага — үйлчилгээнд бүртгүүлсэн хуулийн этгээд;

1.2.2. Эрх баригч — Байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд /Цахим гарын үсгийн тухай хуулийн 7.2/;

1.2.3. Төлөөлөгч — Эрх баригчийн олгосон цахим итгэмжлэлийн үндсэн дээр Байгууллагыг төлөөлж гарын үсэг зурах эрх авсан хүн /Цахим гарын үсгийн тухай хуулийн 7.3/;

1.2.4. Итгэгч тал — гарын үсгийг шалгаж, түүнд итгэн үйлдэл гүйцэтгэгч байгууллага /мерчант, төрийн байгууллага, аж ахуйн нэгж/;

1.2.5. Сувгийн түнш — Үйлчилгээг өөрийн платформд суулгаж түгээх талаар Үйлчилгээ үзүүлэгчтэй гэрээ байгуулсан хуулийн этгээд.

1.3. Нөхцөл нь зөвхөн Үйлчилгээ үзүүлэгчийн e-ID бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаарах бөгөөд Үйлчилгээ үзүүлэгчийн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаарахгүй.

2 дугаар зүйл. Нөхцөлийн хамрах хүрээ, эрэмбэ

2.1. Нөхцөл нь Үйлчилгээ үзүүлэгчийн цахим хуудсанд байнга нээлттэй байршина /Цахим гарын үсгийн тухай хуулийн 22.1/.

2.2. Нөхцөл нь талуудын хооронд байгуулсан гэрээний салшгүй хэсэг болно.

2.3. Арилжааны нөхцөл — үнэ, тариф, эзлэхүүний амлалт, хөнгөлөлт, төлбөрийн хуваарь болон бусад арилжааны зохицуулалтыг Нөхцөлд тусгахгүй. Эдгээрийг талууд тус тусад нь байгуулах Арилжааны хавсралтаар зохицуулна.

2.4. Баримт бичиг хоорондоо зөрчилдвөл дараах эрэмбээр хэрэглэнэ:

(а) Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлага;

(б) Үйлчилгээ үзүүлэгчийн гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журам /CPS/;

(в) талуудын байгуулсан үндсэн гэрээ;

(г) Арилжааны хавсралт;

(д) энэхүү Нөхцөл;

(е) Нөхцөлийн хавсралтууд.

2.5. Төрийн нууцад хамаарах мэдээлэлд Үйлчилгээг ашиглахыг хориглоно /Цахим гарын үсгийн тухай хуулийн 3.1/.

3 дугаар зүйл. Бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл

3.1. Нөхцөл дараах бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаарна:

КодБүтээгдэхүүн, үйлчилгээХуулийн үндэс
P1Байгууллагын данс, цахим тамгаЦГҮ 6.5, 7.1, 7.2
P2Төлөөллийн эрх олгох, удирдахЦГҮ 7.3, 10.3; Иргэний хууль
P3Гарын үсэг үүсгэх /алсын, үүлэн/ЦГҮ 8.1, 8.5
P4Цагийн бүртгэлЦГҮ 9
P5Тайлан, аудитын мөрЦГҮ 20.2.5
P6Таних, нэвтрэлт баталгаажуулахЦГҮ 6.6
P10Урт хугацааны хадгалалт /LTV/ЦГҮ 9, 11.1

3.2. Харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүний бүрэлдэхүүнийг Арилжааны хавсралтаар тодорхойлно. Нөхцөлийн зохицуулалт нь зөвхөн тухайн харилцагчид үзүүлж байгаа бүтээгдэхүүнд хамаарна.

4 дүгээр зүйл. Нэр томьёо

4.1. Нөхцөлд хэрэглэсэн нэр томьёог Цахим гарын үсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан утгаар ойлгоно. Түүнчлэн:

Нэр томьёоТодорхойлолт
ПлатформҮйлчилгээ үзүүлэгчийн e-ID мобайл аппликейшн, вэб портал, API болон холбогдох мэдээллийн систем
ХарилцагчНөхцөлийн үндсэн дээр Үйлчилгээ үзүүлэгчтэй гэрээт харилцаанд байгаа Байгууллага, Итгэгч тал болон Сувгийн түнш
ЭзэмшигчТоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч хүн /Эрх баригч, Төлөөлөгч орно/
Цахим итгэмжлэлЭрх баригчаас Төлөөлөгчид олгосон, Платформ дээр үүсгэсэн, тоон гарын үсэг болон цахим тамгаар баталгаажсан цахим баримт бичиг
Эрхийн хүрээТөлөөлөгчийн гарын үсэг зурж болох баримтын төрөл, хэлцлийн дүнгийн хязгаар, хугацаа болон бусад хязгаарлалт /Хавсралт 1/
Гарын үсгийн үйл явдалНэг цахим мэдээлэлд нэг удаа тоон гарын үсэг эсхүл цахим тамга зурсан явдал
Идэвхтэй төлөөлөгчТооцооны хугацаанд нэгээс доошгүй өдөр хүчинтэй цахим итгэмжлэлтэй байсан Төлөөлөгч
Түлхүүрийн хуваалтХувийн түлхүүрийг Эзэмшигчийн төхөөрөмж болон Үйлчилгээ үзүүлэгчийн сервер хооронд хуваан хадгалах арга; серверт хадгалагдах хэсэг нь криптограф модулиас /HSM/ гардаггүй түлхүүрээр шифрлэгдэнэ
Дан ганц хяналтГарын үсгийг зөвхөн Эзэмшигчийн санаатай, идэвхтэй үйлдлээр үүсгэх нөхцөл
CPSҮйлчилгээ үзүүлэгчийн баталсан гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журам /ЦГҮ 24.1.1/
Арилжааны хавсралтҮнэ, тариф, эзлэхүүн, төлбөрийн нөхцөлийг тодорхойлсон, харилцагч тус бүрд байгуулах баримт бичиг
Давагдашгүй хүчин зүйлТалуудын хүсэл зоригоос үл хамаарах, урьдчилан харах, сэргийлэх боломжгүй нөхцөл байдал /Хэсэг XIII/

5 дугаар зүйл. Гэрээ байгуулах, хүчин төгөлдөр болох, хугацаа

5.1. Нөхцөл дараах аль нэг хэлбэрээр хүчин төгөлдөр болно:

(а) Харилцагч Платформ дээр Нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр;

(б) талууд үндсэн гэрээнд гарын үсэг зурснаар.

5.2. Гэрээний хугацаа нь Арилжааны хавсралтад заасан хугацаа байх бөгөөд заагаагүй тохиолдолд нэг жил байна. Талуудын аль нь ч хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө цуцлах тухай мэдэгдэл гаргаагүй бол гэрээ мөн хугацаагаар сунгагдсанд тооцно.

5.3. Гэрчилгээ эзэмшигчтэй байгуулах харилцааг Цахим гарын үсгийн тухай хуулийн 16.6-д заасан гэрээ болон Үйлчилгээ үзүүлэгчийн гэрчилгээ эзэмшигчид зориулсан нөхцөлөөр зохицуулна.

ХЭСЭГ II. БАЙГУУЛЛАГЫН БҮРТГЭЛ, ЭРХ БАРИГЧ

6 дугаар зүйл. Бүртгэл үүсгэх, баталгаажуулах

6.1. Байгууллагын бүртгэлийг зөвхөн Эрх баригч нээнэ.

6.2. Эрх баригчийг дараах байдлаар шалгана /Цахим гарын үсгийн тухай хуулийн 16.2/:

(а) хувийн тоон гарын үсгийн гэрчилгээ хүчинтэй эсэх;

(б) хуулийн этгээдийн улсын бүртгэлд тухайн этгээд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэж бүртгэгдсэн эсэх;

(в) хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчинтэй эсэх.

6.3. Гэрээний 6.2/б/-д заасан шалгалтыг Үйлчилгээ үзүүлэгч улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийн сангаас автоматаар гүйцэтгэнэ. Автомат шалгалт боломжгүй тохиолдолд Байгууллага холбогдох баримт бичгийг ирүүлнэ.

6.4. Бүртгэл үүсгэснээр Байгууллагад дараах эрх үүснэ:

(а) цахим тамга эзэмших /ЦГҮ 7.1/;

(б) Төлөөлөгчид эрх олгох /Хэсэг III/;

(в) тайлан, аудитын мөр авах /Хэсэг V/.

6.5. Үйлчилгээ үзүүлэгч нь 6.2-т заасан шаардлага хангагдаагүй, эсхүл ирүүлсэн мэдээлэл зөрүүтэй тохиолдолд данс нээхээс татгалзах эрхтэй бөгөөд татгалзсан үндэслэлээ мэдэгдэнэ.

7 дугаар зүйл. Эрх баригчийн эрх, үүрэг

7.1. Эрх баригч дараах эрхтэй: Байгууллагын нэрийн өмнөөс гарын үсэг зурах, цахим тамга хэрэглэх; Төлөөлөгчид эрх олгох, эрхийн хүрээг тогтоох, өөрчлөх, цуцлах; тайлан, аудитын мөрд хандах; Байгууллагын дансыг хаах.

7.2. Эрх баригч дараах үүрэгтэй:

7.2.1. өөрийн хувийн түлхүүрийг бусдад шилжүүлэхгүй байх /ЦГҮ 14.3.1/;

7.2.2. төлөөллийн эрх олгохоос өмнө эрхийн хүрээг тодорхой тогтоох;

7.2.3. Төлөөлөгчийн эрх шаардлагагүй болмогц даруй цуцлах;

7.2.4. Эрх баригч солигдсон, Байгууллагын төлөөлөх эрх өөрчлөгдсөн тохиолдолд ажлын нэг өдрийн дотор Үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэх;

7.2.5. Байгууллага өөрчлөн байгуулагдах, татан буугдах тохиолдолд урьдчилан мэдэгдэх;

7.2.6. Төлөөлөгч бүрд эрхийн хүрээ, хүлээх хариуцлагыг тайлбарлах;

7.2.7. бүртгэлд заасан холбоо барих мэдээллээ шинэчилж байх.

7.3. Эрх баригч нь Төлөөлөгчийн эрхийн хүрээнд гүйцэтгэсэн үйлдлийн үр дагаврыг Байгууллагын нэрийн өмнөөс хариуцна.

ХЭСЭГ III. ТӨЛӨӨЛЛИЙН ЭРХ

8 дугаар зүйл. Эрх олгох журам

8.1. Төлөөллийн эрх дараах дарааллаар үүснэ:

АлхамҮйлдэлЭрх зүйн ач холбогдол
1Эрх баригч Платформ дээр Төлөөлөгчийг сонгож, эрхийн хүрээг тогтооноИтгэмжлэлийн агуулгыг тодорхойлно
2Эрх баригч хүсэлтэд өөрийн тоон гарын үсэг болон цахим тамгаар гарын үсэг зурнаИргэний хуульд заасан «эрх баригч гарын үсэг зурж, тамга дарсан байх» шаардлагыг хангана; ЦГҮ 7.6
3Төлөөлөгчид мэдэгдэл хүргэнэ—
4Төлөөлөгч өөрийн тоон гарын үсгээр хүлээн зөвшөөрнөИтгэмжлэлийг хүлээн авсныг баталгаажуулна
5Цахим итгэмжлэл хүчин төгөлдөр болж, цагийн бүртгэлд тэмдэглэгдэнэЦГҮ 9
6Итгэгч талд мэдэгдэх боломжтой болноИргэний хуульд заасан гуравдагч этгээдэд мэдэгдэх үүрэг

8.2. Төлөөлөгч хүлээн зөвшөөрөх хүртэл эрх үүсэхгүй.

8.3. Төлөөлөгч нь өөрийн нэр дээрх хүчинтэй тоон гарын үсгийн гэрчилгээтэй байна. Гэрчилгээгүй бол Цахим гарын үсгийн тухай хуульд заасан журмын дагуу эхлээд гэрчилгээ авна.

8.4. Хууль зүйн үндэс. Цахим итгэмжлэл нь Иргэний хуульд заасан итгэмжлэлийн шаардлагыг хангасан, цахим хэлбэрээр үйлдсэн итгэмжлэл болно. Цахим гарын үсгийн тухай хуулийн 6.3-т заасны дагуу тоон гарын үсэг нь цаасан баримт бичигт зурсан гарын үсэгтэй адил хүчинтэй байна.

9 дүгээр зүйл. Эрхийн хүрээ ба хязгаарлалт

9.1. Эрх баригч дараах хязгаарлалтыг тогтооно:

Хязгаарлалтын төрөлТайлбарХуулийн үндэс
Баримтын төрөлЗөвхөн зөвшөөрсөн ангиллын баримтад гарын үсэг зурна /Хавсралт 1/ЦГҮ 10.3.1
Хэлцлийн дүнгийн хязгаарХэлцлийн дүн заасан хэмжээнээс хэтрэхгүйЦГҮ 10.3.2
ХугацааИтгэмжлэл хүчинтэй байх хугацааИргэний хууль
Итгэгч талЗөвхөн заасан байгууллагад /сонголт/Гэрээгээр
Хамтарсан гарын үсэгЗаасан дүнгээс дээш хоёр Төлөөлөгчийн гарын үсэг шаардахЦГҮ 7.6

9.2. Эрхийн хүрээнээс гадуур үйлдэл гүйцэтгэх оролдлогыг Платформ техникийн хяналтаар хориглоно.

9.3. Эрхийн хүрээг өөрчлөх нь шинэ итгэмжлэл олгохтой адил бөгөөд Эрх баригч дахин гарын үсэг зурж, Төлөөлөгч дахин хүлээн зөвшөөрнө.

9.4. Нотариатын гэрчлэл. Хуулиар нотариатын гэрчлэл шаардсан хэлцэлд цахим итгэмжлэл дангаараа хангалттай биш байж болно. Платформ нь Хавсралт 1-д тусгайлан тэмдэглэсэн ангиллын баримтад Эрх баригчид анхааруулга харуулна. Тухайн хэлцэлд хуулиар шаардсан хэлбэрийг хангах үүрэг Байгууллагад ногдоно.

10 дугаар зүйл. Итгэмжлэлийн хугацаа

10.1. Тодорхой хугацаагаар олгосон цахим итгэмжлэл нь гурван жилээс илүүгүй хугацаатай байна.

10.2. Хугацаа заагаагүй тохиолдолд итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчинтэй байна.

10.3. Платформ нь 10.1, 10.2-т заасан хязгаарыг автоматаар хэрэгжүүлнэ.

10.4. Итгэмжлэлийн хугацаа нь Төлөөлөгчийн тоон гарын үсгийн гэрчилгээний хүчинтэй хугацаанаас хэтрэхгүй.

10.5. Хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө Эрх баригч болон Төлөөлөгчид мэдэгдэнэ.

11 дүгээр зүйл. Цуцлах, дуусгавар болох

11.1. Цахим итгэмжлэл дараах үндэслэлээр дуусгавар болно:

№ҮндэслэлХэрэгжих хугацаа
1Эрх баригч цуцалсанДаруй
2Төлөөлөгч татгалзсанДаруй
3Хугацаа дууссанАвтоматаар
4Эрх баригч солигдсонАвтоматаар
5Төлөөлөгчийн гэрчилгээ хүчингүй болсон /ЦГҮ 18.1/Даруй
6Байгууллага татан буугдсанДаруй
7Байгууллагын данс хаагдсанДаруй

11.2. Эрх баригч болон Төлөөлөгч хэзээ ч итгэмжлэлийг цуцлах, эсхүл түүнээс татгалзах эрхтэй.

11.3. Мэдэгдэх үүрэг. Итгэмжлэл дуусгавар болмогц Платформ дараах этгээдэд автоматаар мэдэгдэнэ:

(а) Төлөөлөгчид;

(б) мэдэгдэл авахаар бүртгүүлсэн Итгэгч талд — Иргэний хуульд заасан гуравдагч этгээдэд мэдэгдэх үүргийг хангах зорилгоор;

(в) Эрх баригчид баталгаажуулах мэдэгдэл.

11.4. Итгэмжлэл дуусгавар болсон цагаас хойш тухайн итгэмжлэлд тулгуурлан зурсан гарын үсэг хүчин төгөлдөр байхгүй. Дуусгавар болохоос өмнө зурсан гарын үсгийн хүчинтэй байдалд дуусгавар болсон нь нөлөөлөхгүй бөгөөд зурсан цагийг цагийн бүртгэлээр тогтооно /ЦГҮ 9/.

12 дугаар зүйл. Эрх баригч солигдох

12.1. Эрх баригч солигдсон тохиолдолд дараах дарааллаар хэрэгжинэ:

АлхамҮйлдэл
1Хуучин Эрх баригчийн Байгууллагын дансанд хандах эрх түдгэлзэнэ
2Хуучин Эрх баригчийн олгосон бүх цахим итгэмжлэл автоматаар дуусгавар болно
3Итгэгч талд 11.3-ын дагуу мэдэгдэнэ
4Шинэ Эрх баригч 6.2-ын дагуу баталгаажна
5Шинэ Эрх баригч шинээр итгэмжлэл олгоно

12.2. Эрх баригч солигдсоныг дараах эх сурвалжаар тогтооно:

(а) улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийн сангийн өөрчлөлт /техникийн боломжтой тохиолдолд автоматаар/;

(б) Байгууллагын 7.2.4-т заасан мэдэгдэл;

(в) Үйлчилгээ үзүүлэгчийн үечилсэн тулгалт.

12.3. Байгууллагын хариуцлага. Автомат илрүүлэлт боломжгүй тохиолдолд Эрх баригч солигдсоныг ажлын нэг өдрийн дотор мэдэгдэх үүрэг Байгууллагад ногдоно. Мэдэгдээгүйгээс үүссэн үр дагаврыг Байгууллага хариуцна.

12.4. Байгууллага 12.3-д заасан эрсдэлийг бууруулах зорилгоор итгэмжлэлийн хугацааг 12 сараас илүүгүй тогтоохыг зөвлөнө.

13 дугаар зүйл. Төлөөлөгчийн эрх, үүрэг

13.1. Төлөөлөгч дараах эрхтэй: эрхийн хүрээнд Байгууллагыг төлөөлж гарын үсэг зурах; итгэмжлэлээс хэдийд ч татгалзах; өөрийн зурсан гарын үсгийн түүхийг харах; эрхийн хүрээгээ хэдийд ч харах.

13.2. Төлөөлөгч дараах үүрэгтэй:

13.2.1. өөрийн хувийн түлхүүрийг бусдад шилжүүлэхгүй байх /ЦГҮ 14.3.1/;

13.2.2. гарын үсэг зурахаас өмнө баримтын агуулгатай танилцах;

13.2.3. эрхийн хүрээнээс гадуур үйлдэл хийхгүй байх;

13.2.4. Байгууллагын нэрийн өмнөөс зурж байгаагаа мэдэж, түүнд тохирсон анхаарал болгоомжтой байх;

13.2.5. хувийн түлхүүрийн нууц алдагдсан гэж үзвэл даруй мэдэгдэх /ЦГҮ 14.3.3/.

13.3. Төлөөлөгч эрхийн хүрээнээс гадуур үйлдэл хийхийг оролдвол Платформ түүнийг гүйцэтгэхгүй. Техникийн хяналтыг зөрчиж, тойрч гүйцэтгэсэн тохиолдолд Төлөөлөгч хариуцна.

13.4. Түлхүүрийн зарчим. Төлөөлөгч нь Эрх баригчийн хувийн түлхүүрийг ашиглахгүй бөгөөд ашиглах техникийн боломжгүй байна. Төлөөлөгч зөвхөн өөрийн хувийн түлхүүрээр гарын үсэг зурж, эрхээ цахим итгэмжлэлээр нотолно. Энэ нь Цахим гарын үсгийн тухай хуулийн 14.3.1-д заасан шаардлага бөгөөд Платформ түүнийг техникийн хяналтаар баталгаажуулна.

ХЭСЭГ IV. ГАРЫН ҮСЭГ ҮҮСГЭХ, ТҮЛХҮҮРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

14 дүгээр зүйл. Түлхүүрийн хуваалт

14.1. Хувийн түлхүүрийг дараах байдлаар хуваан хадгална:

(а) нэг хэсгийг Эзэмшигчийн төхөөрөмжийн хамгаалагдсан санах ойд;

(б) нөгөө хэсгийг Үйлчилгээ үзүүлэгчийн серверт; серверийн түлхүүрийн хэсэг ба төхөөрөмжөөс ирсэн хэсэг хоёулаа криптограф модулиас /HSM/ гардаггүй AES-256 түлхүүрээр шифрлэгдэж хадгалагдана.

14.2. Аль ч тал дангаараа хүчин төгөлдөр гарын үсэг үүсгэх боломжгүй.

14.3. Үйлчилгээ үзүүлэгч Эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гарын үсэг үүсгэхийг хориглоно.

14.4. Үйлчилгээ үзүүлэгч Эзэмшигчийн хувийн түлхүүрийг бүрэн хэлбэрээр хуулбарлаж авахгүй /ЦГҮ 21.2.5/.

14.5. Төхөөрөмжийн түлхүүрийн хэсгийг хуулбарласан тохиолдлыг Үйлчилгээ үзүүлэгч илрүүлж, тухайн төхөөрөмжийг идэвхгүй болгон Эзэмшигчийн гэрчилгээг даруй цуцалж, Эзэмшигчид мэдэгдэнэ.

14.6. Үйлчилгээ үзүүлэгч нь зөвхөн цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын жагсаалтад орсон тоон гарын үсгийн хэрэгслийг ашиглана /ЦГҮ 20.2.9/.

15 дугаар зүйл. Дан ганц хяналт

15.1. Гарын үсэг үүсгэх бүрд дараах нөхцөл хангагдана:

(а) Эзэмшигч PIN, биометрик танилт эсхүл Үйлчилгээ үзүүлэгчийн CPS-д заасан түүнтэй адилтгах баталгаажуулалтыг гүйцэтгэнэ;

(б) Платформ юунд гарын үсэг зурж байгааг дэлгэцэд харуулна;

(в) Байгууллагыг төлөөлж зурж байгаа бол аль Байгууллага, ямар эрхийн хүрээнд зурж байгааг харуулна;

(г) Эзэмшигч санаатай, идэвхтэй үйлдлээр баталгаажуулна.

15.2. Гарын үсэг зурсны дараа мэдээлэлд өөрчлөлт оруулсан эсэхийг илрүүлэх боломжтой байна /ЦГҮ 6.2.3/.

16 дугаар зүйл. Төхөөрөмж солих, сэргээх

16.1. Эзэмшигч төхөөрөмжөө солих, эсхүл PIN мартсан тохиолдолд Платформ дараах сэргээх сувгийг санал болгоно:

(а) зайнаас: ДАН систем болон Liveness check;

(б) зайнаас: G-Sign тоон гарын үсгээр;

(в) биечлэн: Гэрэгэ киоск төхөөрөмжөөр.

16.2. Сэргээлтийг дахин бүртгэлээр хийнэ: шинэ гэрчилгээ олгогдоход өмнөх хүчинтэй гэрчилгээ superseded (4) шалтгаанаар цуцлагдана /ЦГҮ 17/.

16.3. Эзэмшигчийн Байгууллага дахь төлөөллийн эрх төхөөрөмж солиход хэвээр хадгалагдах бөгөөд зөвхөн гэрчилгээ дахин үүснэ.

16.4. Сэргээх сувгийн бүрэлдэхүүн техникийн болон зохицуулалтын шаардлагаас хамаарч өөрчлөгдөж болох бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч нэгээс доошгүй зайнаас сэргээх сувгийг байнга ажиллуулна.

ХЭСЭГ V. БҮРТГЭЛ, ТАЙЛАН, АУДИТЫН МӨР

17 дугаар зүйл. Бүртгэл

17.1. Платформ дараах мэдээллийг өөрчлөх боломжгүй байдлаар бүртгэнэ:

№Бүртгэх зүйл
1Хэн — Эзэмшигчийн нэр, гэрчилгээний дугаар
2Хэзээ — цагийн бүртгэлээр /ЦГҮ 9/
3Юунд — баримтын нэр, хэш
4Ямар үүргээр — өөрийн нэрээр эсхүл Байгууллагыг төлөөлж
5Ямар итгэмжлэлээр — итгэмжлэлийн дугаар, эрхийн хүрээ
6Аль төхөөрөмжөөс, аль IP хаягаас
7Үр дүн — амжилттай, татгалзсан, эсхүл хязгаараас хэтэрсэн

17.2. Бүртгэлийг хадгалах хугацаа:

Бүртгэлийн ангилалХадгалах хугацааҮндэслэл
Гэрчилгээ, итгэмжлэлийн бүртгэлГэрчилгээ дуусгавар болсноос хойш 10 жилЦГҮ 13.2, 20.2.5
Гарын үсгийн бүртгэл10 жил; урт хугацааны хадгалалт /P10/-д хамаарвал гэрээт хугацаагаарЦГҮ 9, 20.2.5
Системийн хандалтын лог5 жилМэдээллийн аюулгүй байдал

17.3. Хадгалах хугацаа дууссан бүртгэлийг Үйлчилгээ үзүүлэгч хууль тогтоомжид заасан журмын дагуу устгана.

18 дугаар зүйл. Тайлан

18.1. Байгууллага дараах тайланг авах эрхтэй:

ТайланАгуулга
Гарын үсгийн тайланТодорхой хугацаанд зурагдсан гарын үсэг — хэн, хэзээ, юунд
Төлөөллийн тайланХүчинтэй болон дуусгавар болсон итгэмжлэл, эрхийн хүрээний өөрчлөлтийн түүх
Хязгаарын зөрчлийн тайланЭрхийн хүрээнээс гадуур гүйцэтгэх оролдлого
Аудитын тайланХөндлөнгийн аудитор, зохицуулагч байгууллагад өгөх зориулалттай, нотлох чадвартай тайлан

18.2. Тайлангийн хүртээмж, эзлэхүүн, тайлан гаргах давтамжийг Арилжааны хавсралтаар тодорхойлно.

18.3. Тайланг Байгууллагын Эрх баригч болон түүний зөвшөөрсөн этгээд харна.

18.4. Төлөөлөгч зөвхөн өөрийн зурсан гарын үсгийн тайланг харна.

ХЭСЭГ VI. ИТГЭГЧ ТАЛЫН НӨХЦӨЛ

19 дүгээр зүйл. Итгэгч талын үүрэг

19.1. Итгэгч тал нь Үйлчилгээ үзүүлэгчтэй тусдаа гэрээ байгуулж Үйлчилгээг ашиглана. Энэхүү Нөхцөл нь тухайн гэрээний салшгүй хэсэг болно.

19.2. Итгэгч тал гарын үсэгт итгэн үйлдэл гүйцэтгэхийн өмнө дараахыг заавал шалгана:

№Шалгах зүйл
1Гарын үсгийн криптограф бүрэн бүтэн байдал
2Гэрчилгээний төлөв — хүчингүй болоогүй (цуцлагдаагүй) эсэх
3Гарын үсэг зурсан үед гэрчилгээ хүчинтэй байсан эсэх /цагийн бүртгэлээр/
4Байгууллагыг төлөөлж зурсан бол цахим итгэмжлэл тухайн үед хүчинтэй байсан эсэх
5Хэлцлийн дүн эрхийн хүрээнд багтаж байгаа эсэх /ЦГҮ 10.3.2/
6Гэрчилгээний гинжин холбоо итгэмжлэгдсэн үндсэн гэрчилгээ хүртэл бүрэн эсэх

19.3. Гэрээний 19.2-т заасан шалгалтыг гүйцэтгээгүйгээс үүсэх хохирлыг Итгэгч тал өөрөө хариуцна.

19.4. Итгэгч тал нь 11.3-д заасан автомат мэдэгдэлд бүртгүүлэх эрхтэй бөгөөд ингэснээр итгэмжлэл цуцлагдсаныг бодит цагт мэдэх боломжтой.

19.5. Итгэгч тал нь баталгаажуулалтын үр дүнг зөвхөн гэрээнд заасан зориулалтаар ашиглах, Эзэмшигчийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй, баталгаажуулалтын үр дүнг гуйвуулан харуулахгүй байх үүрэгтэй.

20 дугаар зүйл. Баталгаажуулах үйлчилгээ

20.1. Итгэгч тал нь гарын үсгийг шалгах API болон Үйлчилгээ үзүүлэгчийн нийтэд нээлттэй баталгаажуулах порталыг ашиглаж болно.

20.2. Нийтэд нээлттэй порталын үр дүн нь мэдээллийн зорилготой. Хууль зүйн нотлох баримт шаардлагатай тохиолдолд Итгэгч тал нотлох чадвартай баталгаажуулалтын тайланг захиалж авна.

20.3. Нийтэд нээлттэй портал нь арилжааны хэмжээнд ашиглахад зориулагдаагүй. Үйлчилгээ үзүүлэгч хэвийн бус ачаалал үүсгэсэн хандалтыг хязгаарлах эрхтэй.

20.4. Итгэгч тал таних болон баталгаажуулалтын үйлчилгээг ашиглах тохиолдолд түүнийг өөрийн эрсдэлийн үнэлгээтэй хамт хэрэглэх үүрэгтэй.

ХЭСЭГ VII. СУВГИЙН ТҮНШИЙН НӨХЦӨЛ

21 дүгээр зүйл. Сувгийн түншийн эрх, үүрэг

21.1. Сувгийн түнш нь Үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр Үйлчилгээг өөрийн платформд суулгаж, эцсийн хэрэглэгчид түгээнэ. Энэхүү Нөхцөл нь тухайн гэрээний салшгүй хэсэг болно.

21.2. Сувгийн түнш дараах үүрэгтэй:

21.2.1. Үйлчилгээг зөвхөн гэрээнд заасан хүрээ, зорилгоор түгээх;

21.2.2. эцсийн хэрэглэгчид энэхүү Нөхцөлийг танилцуулж, хүлээн зөвшөөрүүлэх;

21.2.3. Үйлчилгээ үзүүлэгчээс олгосон API түлхүүр, client_id, client_secret, гэрчилгээг нууцлан хадгалах, задарсан буюу задрах эрсдэл үүссэн тухай нэн даруй мэдэгдэх;

21.2.4. өөрийн платформын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, эмзэг байдал илэрсэн тохиолдолд 24 цагийн дотор мэдэгдэх;

21.2.5. Үйлчилгээний нэрийн өмнөөс эцсийн хэрэглэгчид аливаа баталгаа, амлалт гаргахгүй байх;

21.2.6. интеграцийн архитектур, орчин, домэйн, redirect URI-д өөрчлөлт оруулахаас 10 хоногийн өмнө мэдэгдэх;

21.2.7. Үйлчилгээ үзүүлэгчийн нэр, барааны тэмдэг, логог зөвхөн урьдчилан тохиролцсон хэлбэрээр ашиглах.

21.3. Сувгийн түнш нь Үйлчилгээг дахин борлуулах, гуравдагч этгээдэд дамжуулахыг зөвхөн Үйлчилгээ үзүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.

21.4. Хариуцлагын хуваарилалт. Эцсийн хэрэглэгчийн өмнө Сувгийн түнш нь өөрийн платформын үйл ажиллагаа, хэрэглэгчийн туршлага болон төлбөр тооцооны шийдлийг, Үйлчилгээ үзүүлэгч нь e-ID үйлчилгээний техникийн ажиллагаа, гарын үсгийн хууль зүйн хүчин төгөлдөр байдлыг тус тус хариуцна.

22 дугаар зүйл. Интеграцийн шаардлага

22.1. Сувгийн түнш интеграцыг Үйлчилгээ үзүүлэгчийн API документаци болон интеграцийн гарын авлагын дагуу гүйцэтгэнэ.

22.2. Бодит орчинд шилжихийн өмнө Үйлчилгээ үзүүлэгчийн интеграцийн баталгаажуулалтыг заавал давна.

22.3. Үйлчилгээ үзүүлэгч API-ийн хувилбарт өөрчлөлт оруулах, ашиглалтаас хасах тохиолдолд 60 хоногийн өмнө мэдэгдэж, шилжилтийн дэмжлэг үзүүлнэ. Аюулгүй байдлын шаардлагаас үүдэлтэй яаралтай өөрчлөлтийг нэн даруй хэрэгжүүлж, дараа нь мэдэгдэж болно.

22.4. Сувгийн түнш нь гарын үсгийн урсгалыг өөрчлөх, e-ID-ийн баталгаажуулалтын үр дүнг гуйвуулан харуулах, e-ID-ийг тойрч өнгөрөх хувилбар санал болгохыг хориглоно.

22.5. Хэвийн бус ачаалал, зүй бус ашиглалт илэрсэн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч хандалтыг хязгаарлах эрхтэй.

ХЭСЭГ VIII. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮВШИН

23 дугаар зүйл. Бэлэн байдал

23.1. Үйлчилгээ үзүүлэгч дараах бэлэн байдлын түвшинг хангана. Тухайн Харилцагчид хамаарах түвшинг Арилжааны хавсралтаар тодорхойлно:

ҮйлчилгээСтандартДэвшилтэт
Гарын үсэг үүсгэх /P3/99.5%99.95%
Таних, баталгаажуулалт /P6/99.5%99.95%
Цагийн бүртгэл /P4/99.9%99.9%
Итгэмжлэл олгох, цуцлах /P2/99.5%99.9%

23.2. Бэлэн байдлыг тооцооны сар тутам тооцно.

23.3. Төлөвлөгөөт засварыг долоо хоногийн өмнө мэдэгдэж, ачаалал багатай цагаар гүйцэтгэнэ. Төлөвлөгөөт засвар, давагдашгүй хүчин зүйл болон Харилцагчийн талын доголдлоос үүдсэн тасалдлыг бэлэн байдлын тооцоонд оруулахгүй.

24 дүгээр зүйл. Хариу өгөх хугацаа

24.1. Үйлчилгээ үзүүлэгч дараах зорилтот хугацааг хангана:

ҮйлдэлЗорилтот хугацаа
Гарын үсэг үүсгэх3 секунд /Дэвшилтэт: 1.5 секунд/
Баталгаажуулалтын API500 миллисекунд /Дэвшилтэт: 200 миллисекунд/
Итгэмжлэл цуцлах1 минут
Итгэгч талд мэдэгдэх3 минут
Тайлан үүсгэх60 секунд

24.2. Дэмжлэгийн сувгийн ажиллах цагийг Хавсралт 2-т заасан.

25 дугаар зүйл. Нөхөн олговор

25.1. Тооцооны сарын бэлэн байдал 23.1-д заасан түвшнээс буурсан тохиолдолд Харилцагч дараах нөхөн олговор нэхэмжлэх эрхтэй:

Бэлэн байдлын түвшинНөхөн олговор
Заасан түвшнээс 0.5 хүртэл хувиар доогуурТухайн сарын төлбөрийн 10%
0.5–4.5 хувиар доогуурТухайн сарын төлбөрийн 25%
4.5 хувиас илүү доогуурТухайн сарын төлбөрийн 50%

25.2. Нөхөн олговрыг тухайн сар дууссанаас хойш 30 хоногийн дотор бичгээр нэхэмжилнэ. Хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг хүлээн авахгүй.

25.3. Нөхөн олговор нь бэлэн байдлын түвшин хангаагүйтэй холбоотой Харилцагчийн эдлэх цорын ганц арга хэмжээ байна.

25.4. Үнэ төлбөргүй үзүүлж байгаа болон туршилтын горимд ажиллуулж байгаа үйлчилгээнд нөхөн олговор тооцохгүй.

ХЭСЭГ IX. НУУЦЛАЛ, ОЮУНЫ ӨМЧ, ХОРИГЛОХ ЗҮЙЛ

26 дугаар зүйл. Нууцлал

26.1. Тал бүр нөгөө талаас гэрээний хүрээнд хүлээн авсан арилжааны, техникийн болон бусад нууц мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй, зөвхөн гэрээний зорилгоор ашиглана.

26.2. Нууцлалын үүрэг дараах мэдээлэлд хамаарахгүй: нийтэд нээлттэй мэдээлэл; талын буруугүйгээр нийтэд мэдэгдсэн мэдээлэл; хуулиар эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэрээр гаргаж өгөхийг шаардсан мэдээлэл.

26.3. Нууцлалын үүрэг гэрээ дуусгавар болсноос хойш гурван жил хүчинтэй байна. Эзэмшигчийн хувийн мэдээлэл болон гарын үсгийн бүртгэлд хамаарах нууцлалын үүрэг хугацаагүй байна.

26.4. Үйлчилгээ үзүүлэгч гэрчилгээ эзэмшигчийн нууцыг задруулахгүй /ЦГҮ 20.2.10/ бөгөөд мэдээллийг Цахим гарын үсгийн тухай хуулийн 30.1-д зааснаас бусад тохиолдолд бусдад дамжуулахгүй.

27 дугаар зүйл. Оюуны өмч

27.1. Платформ, түүний програм хангамж, API, баримт бичиг, брэнд, лого болон холбогдох оюуны өмчийн бүх эрх Үйлчилгээ үзүүлэгчид хамаарна.

27.2. Харилцагчид зөвхөн гэрээний хүрээнд Үйлчилгээг ашиглах, онцгой бус, шилжүүлэх боломжгүй лиценз олгоно.

27.3. Харилцагчийн үүсгэсэн, гарын үсэг зурсан баримт бичиг болон тэдгээрт агуулагдах мэдээлэл Харилцагчийн өмч байна.

27.4. Талууд нөгөө талын нэр, лого, брэндийг бичгээр зөвшөөрөл авалгүйгээр маркетингийн зорилгоор ашиглахгүй.

28 дугаар зүйл. Хориглох зүйл

28.1. Харилцагч болон Эзэмшигчид дараахыг хориглоно:

(а) бусдын нэрийн өмнөөс, эрхийн хүрээнээс гадуур гарын үсэг зурах;

(б) хуурамч баримт бичиг бүрдүүлж гэрчилгээ, эсхүл төлөөллийн эрх авах;

(в) хууль бус гэж үзсэн мэдээллийг баталгаажуулах, нууцлахад хувийн түлхүүр ашиглах /ЦГҮ 14.3.5/;

(г) төрийн нууцад хамаарах мэдээлэлд Үйлчилгээг ашиглах /ЦГҮ 3.1/;

(д) Платформыг задлан шинжлэх, хуулбарлах, өөрчлөх, гуравдагч этгээдэд дамжуулах;

(е) бичгээр зөвшөөрөл авалгүйгээр аюулгүй байдлын шалгалт, нэвтрэлтийн туршилт хийх;

(ж) автоматжуулсан хэрэгслээр хэвийн бус ачаалал үүсгэх;

(з) Үйлчилгээг бичгээр зөвшөөрөл авалгүйгээр дахин борлуулах.

ХЭСЭГ X. ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

29 дүгээр зүйл. Хувийн мэдээлэл боловсруулах

29.1. Үйлчилгээ үзүүлэгч хувийн мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль болон CPS-д заасан журмын дагуу боловсруулна.

29.2. Боловсруулах мэдээллийн ангилал, хадгалах хугацааг 17.2-т заасан.

29.3. Биометрик өгөгдлийг зөвхөн таних, сэргээх зорилгоор, Эзэмшигчийн зөвшөөрлийн үндсэн дээр боловсруулах бөгөөд биометрик загварыг серверт хадгалахгүй.

29.4. Гэрээний 11.3-д заасан Итгэгч талд илгээх мэдэгдэлд зөвхөн итгэмжлэлийн төлөв болон эрхийн хүрээ орох бөгөөд түүнээс илүү мэдээлэл дамжуулахгүй.

29.5. Байгууллага нь Төлөөлөгчийн гарын үсгийн бүртгэлийг зөвхөн ажлын зорилгоор ашиглана.

29.6. Байгууллага, Итгэгч тал болон Сувгийн түншийн мэдээллийг Байгууллагын нууцын тухай хууль болон энэхүү Нөхцөлийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу хамгаална.

29.7. Эзэмшигч өөрийн мэдээлэлд хандах, залруулах, устгуулах, зөвшөөрлөө буцаан татах эрхтэй. Бүртгэлээ устгахад гэрчилгээнд ороогүй хувийн мэдээлэл хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дараа устгагдах бөгөөд энэхүү Нөхцөлийн 17.2-т заасан бүртгэлийг хадгалах хугацаа нь дууссаны дараа устгана. Хүсэлтийг Хавсралт 3-д заасан хаягаар хүлээн авч, ажлын 10 өдрийн дотор хариу өгнө. Бүртгэлээ устгах («Бүртгэл устгах»), өөрийн мэдээллийг татаж авах («Мэдээллээ татах») үйлдлийг Эзэмшигч аппликейшн дотроос шууд хийнэ; устгасны дараа 30 хоногийн дотор дахин бүртгүүлбэл хувийн мэдээлэл устахгүй. Бүртгэлээ устгахад аппликейшны болон USB токенд олгосон хүчинтэй бүх гэрчилгээ (байгууллагын нэрийн өмнөөсх гэрчилгээ орно) цуцлагдана; гэрчилгээ, гарын үсгийн түүх нь энэхүү Нөхцөлийн 17.2-т заасан хугацаагаар хадгалагдана.

29.8. Талууд шаардлагатай тохиолдолд хувийн мэдээлэл боловсруулах тусдаа гэрээ байгуулна.

30 дугаар зүйл. Дэд гүйцэтгэгч

30.1. Үйлчилгээ үзүүлэгч Үйлчилгээний тодорхой хэсгийг дэд гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох бөгөөд дэд гүйцэтгэгчийн үйл ажиллагааны төлөө Харилцагчийн өмнө өөрөө хариуцна.

30.2. Хувийн мэдээлэл боловсруулахад оролцох дэд гүйцэтгэгчийн жагсаалтыг Үйлчилгээ үзүүлэгч Харилцагчийн хүсэлтээр гаргаж өгнө. Жагсаалтад өөрчлөлт орох тохиолдолд 30 хоногийн өмнө мэдэгдэнэ.

31 дүгээр зүйл. Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил

31.1. Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил илэрсэн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч:

(а) илрүүлснээс хойш 24 цагийн дотор нөлөөлөлд өртсөн Харилцагч, Эзэмшигчид мэдэгдэнэ;

(б) эрх бүхий байгууллагад хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ;

(в) шаардлагатай тохиолдолд нөлөөлөлд өртсөн гэрчилгээг даруй цуцална;

(г) зөрчлийн шалтгаан, авсан арга хэмжээ, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг баримтжуулж, Харилцагчид мэдэгдэнэ.

31.2. Харилцагч өөрийн талд гарсан, Үйлчилгээнд нөлөөлж болзошгүй аюулгүй байдлын зөрчлийг илрүүлснээс хойш 24 цагийн дотор Үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэнэ.

ХЭСЭГ XI. БАТАЛГАА, ХАРИУЦЛАГА

32 дугаар зүйл. Үйлчилгээ үзүүлэгчийн баталгаа

32.1. Үйлчилгээ үзүүлэгч дараахыг баталгаална:

(а) гэрчилгээнд тусгасан мэдээлэл гэрчилгээ олгох үед үнэн зөв байсан;

(б) хүсэлт гаргагчийн мэдээллийн үнэн зөв байдлыг хуульд заасны дагуу шалгасан /ЦГҮ 20.2.4/;

(в) Эзэмшигчийн хувийн түлхүүрийг бүрэн хэлбэрээр хуулбарлаж аваагүй /ЦГҮ 21.2.5/;

(г) цахим итгэмжлэлийн эрхийн хүрээг техникийн хяналтаар хэрэгжүүлсэн;

(д) бүртгэл, аудитын мөрийг өөрчлөх боломжгүй байдлаар хадгалсан;

(е) техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллаж байгаа /ЦГҮ 20.2.1/.

32.2. Үйлчилгээ үзүүлэгч Үйлчилгээг Нөхцөл болон CPS-д заасан үйлчилгээний түвшинд үзүүлэхээс өөр, тодорхой зорилгод тохирох талаар илэрхий болон далд баталгаа гаргахгүй.

33 дугаар зүйл. Хариуцлагаас чөлөөлөгдөх

33.1. Үйлчилгээ үзүүлэгч дараах тохиолдолд хариуцлага хүлээхгүй:

(а) Эзэмшигч хувийн түлхүүрээ бусдад шилжүүлсэн, нууцыг задруулсан /ЦГҮ 14.4/;

(б) Итгэгч тал 19.2-т заасан шалгалтыг гүйцэтгээгүй;

(в) Эзэмшигч хүчингүй болсон, эсхүл түдгэлзүүлсэн гэрчилгээг ашигласан /ЦГҮ 20.4/;

(г) Байгууллага 7.2.4, 12.3-д заасан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;

(д) Эрх баригч эрхийн хүрээг буруу, эсхүл хэтэрхий өргөн тогтоосон;

(е) Эзэмшигч баримтын агуулгатай танилцалгүйгээр гарын үсэг зурсан;

(ж) Эзэмшигч хууран мэхлэгдэж, хэлцлийг өөрөө санаатайгаар зөвшөөрсөн;

(з) давагдашгүй хүчин зүйл;

(и) гуравдагч этгээдийн үйлчилгээний доголдол, Харилцагчийн төхөөрөмж, програм хангамжийн доголдол, хортой програм;

(к) хуулиар нотариатын гэрчлэл шаардсан хэлцэлд Байгууллага хуульд заасан хэлбэрийг хангаагүй;

(л) Сувгийн түнш 21, 22 дугаар зүйлд заасан үүргээ зөрчсөн.

34 дүгээр зүйл. Хариуцлагын хязгаарлалт

34.1. Үйлчилгээ үзүүлэгчийн гэрээний хүрээнд хүлээх хариуцлагын дээд хэмжээ нь Харилцагчийн тухайн зөрчил гарахаас өмнөх 12 сарын хугацаанд төлсөн төлбөрийн нийт дүнгээр хязгаарлагдана. Гэрээний хугацаа 12 сараас бага бол бодитоор төлсөн төлбөрийн дүнгээр тооцно. Үнэ төлбөргүй үзүүлсэн үйлчилгээний хувьд хариуцлагын дээд хэмжээ 5,000,000 /таван сая/ төгрөг байна.

34.2. Гэрчилгээнд Цахим гарын үсгийн тухай хуулийн 10.3.2-ын дагуу хэлцлийн үнийн дүнгийн хязгаарлалт тусгагдсан бол тухайн гэрчилгээгээр зурсан гарын үсэгт хамаарах хариуцлага уг хязгаарлалтаас хэтрэхгүй.

34.3. Талууд Арилжааны хавсралтаар хариуцлагын дээд хэмжээг өөрөөр тохирч болно.

34.4. Үйлчилгээ үзүүлэгч алдагдсан ашиг, орлого, нэр хүндэд учирсан хохирол, шууд бус, дам, онцгой болон дагалдах хохирлыг хариуцахгүй.

34.5. Энэ зүйлд заасан хязгаарлалт нь Үйлчилгээ үзүүлэгчийн санаатай буруутай үйлдэл, ноцтой хайхрамжгүй байдал, нууцлалын үүргийг зөрчсөн болон хуулиар хязгаарлахыг хориглосон хариуцлагад хамаарахгүй.

34.6. Харилцагч нь Нөхцөлийг зөрчсөн, эсхүл эрх, үүргээ хэтрүүлэн хэрэгжүүлснээс Үйлчилгээ үзүүлэгчид гуравдагч этгээдийн шаардлага, торгууль, хохирол үүссэн тохиолдолд түүнийг нөхөн төлнө.

ХЭСЭГ XII. ҮЙЛЧИЛГЭЭ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ГЭРЭЭ ЦУЦЛАХ

35 дугаар зүйл. Үйлчилгээ түдгэлзүүлэх

35.1. Үйлчилгээ үзүүлэгч дараах тохиолдолд Үйлчилгээг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр түдгэлзүүлэх эрхтэй:

(а) Харилцагч, Эзэмшигч Нөхцөлийг ноцтой зөрчсөн;

(б) мэдээллийн аюулгүй байдалд шууд аюул учирсан;

(в) Үйлчилгээг хууль бус үйл ажиллагаанд ашиглаж байгаа үндэслэл бүхий сэжиг үүссэн;

(г) эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;

(д) Харилцагч төлбөрийн үүргээ 30 хоногоос дээш хугацаагаар биелүүлээгүй.

35.2. Түдгэлзүүлэх тухай Үйлчилгээ үзүүлэгч нэн даруй мэдэгдэж, шалтгаан болон сэргээх нөхцөлийг тайлбарлана. Яаралтай тохиолдолд эхлээд түдгэлзүүлж, дараа нь мэдэгдэж болно.

35.3. Түдгэлзүүлсэн үндэслэл арилсан даруйд Үйлчилгээг ажлын нэг өдрийн дотор сэргээнэ.

35.4. Түдгэлзүүлсэн хугацаанд аль хэдийн зурагдсан гарын үсгийн хүчинтэй байдалд нөлөөлөхгүй.

36 дугаар зүйл. Гэрээ цуцлах, дуусгавар болох үр дагавар

36.1. Гэрээг дараах үндэслэлээр нэг талын санаачилгаар цуцална:

(а) нөгөө тал Нөхцөлийг ноцтой зөрчиж, бичгээр мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор арилгаагүй;

(б) Үйлчилгээ үзүүлэгчийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсон, түдгэлзсэн;

(в) аль нэг тал төлбөрийн чадваргүй болсон, татан буугдах шийдвэр гарсан;

(г) 38.4-т заасан үндэслэлээр.

36.2. Гэрээ дуусгавар болсон ч дараах заалт хүчинтэй хэвээр байна: нууцлал /26/, оюуны өмч /27/, хувийн мэдээлэл /29/, бүртгэл хадгалах /17/, хариуцлага /33, 34/, маргаан шийдвэрлэх /40/.

36.3. Гэрээ дуусгавар болсноос хойш Харилцагч 90 хоногийн дотор өөрийн тайлан, аудитын мөрийг татаж авах эрхтэй. Уг хугацаа өнгөрсний дараа мэдээллийг зөвхөн 17.2-т заасан хадгалалтын журмаар хадгална.

36.4. Гэрээ дуусгавар болсноор тухайн Байгууллагын цахим итгэмжлэл автоматаар дуусгавар болох бөгөөд Итгэгч талд 11.3-ын дагуу мэдэгдэнэ.

ХЭСЭГ XIII. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

37 дугаар зүйл. Давагдашгүй хүчин зүйл

37.1. Давагдашгүй хүчин зүйлд гал түймэр, үер, газар хөдлөлт, хүчтэй цасан болон шороон шуурга, тахал, дайн, зэвсэгт мөргөлдөөн, нийтийг хамарсан үймээн, улсын хэмжээний цахилгаан хангамжийн болон интернэт сүлжээний тасалдал, эрх бүхий байгууллагын шийдвэр, хууль тогтоомжийн өөрчлөлт болон талуудын хүсэл зоригоос үл хамаарах бусад нөхцөл байдал хамаарна.

37.2. Давагдашгүй хүчин зүйл үүссэн тал нөгөө талдаа ажлын гурван өдрийн дотор мэдэгдэж, боломжтой тохиолдолд эрх бүхий байгууллагын тодорхойлолтоор баталгаажуулна.

37.3. Давагдашгүй хүчин зүйлийн үргэлжлэх хугацаанд талууд гэрээний үүргээ биелүүлээгүйн хариуцлагаас чөлөөлөгдөнө. Төлбөрийн үүрэг давагдашгүй хүчин зүйлээр чөлөөлөгдөхгүй.

37.4. Давагдашгүй хүчин зүйл 60 хоногоос дээш үргэлжилсэн тохиолдолд аль ч тал гэрээг торгуульгүйгээр цуцлах эрхтэй.

ХЭСЭГ XIV. НӨХЦӨЛИЙН ӨӨРЧЛӨЛТ, МЭДЭГДЭЛ, МАРГААН

38 дугаар зүйл. Нөхцөлд өөрчлөлт оруулах

38.1. Үйлчилгээ үзүүлэгч энэхүү Нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй.

38.2. Харилцагчийн эрхийг мэдэгдэхүйц хязгаарлах өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос 30 хоногийн өмнө цахим хуудсанд байршуулж, бүртгэлтэй цахим шуудангаар мэдэгдэнэ.

38.3. Хууль тогтоомжийн өөрчлөлт, зохицуулагч байгууллагын шийдвэр болон мэдээллийн аюулгүй байдлын шаардлагаас үүдэлтэй өөрчлөлтийг нэн даруй хэрэгжүүлж, дараа нь мэдэгдэж болно.

38.4. Харилцагч өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол мэдэгдэл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гэрээг торгуульгүйгээр цуцлах эрхтэй. Уг хугацаанд татгалзаагүй, Үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласан бол өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

38.5. Нөхцөлийн хувилбарын түүхийг Хавсралт 4-т бүртгэж, цахим хуудсанд нээлттэй байлгана.

39 дүгээр зүйл. Мэдэгдэл

39.1. Нөхцөлд заасан мэдэгдлийг Платформ дахь мэдэгдэл, бүртгэлтэй цахим шуудан, эсхүл албан бичгээр хүргүүлнэ.

39.2. Цахим шуудангаар илгээсэн мэдэгдлийг илгээсэн өдрийн дараагийн ажлын өдөр хүргэгдсэнд тооцно.

39.3. Харилцагч, Эзэмшигч нь холбоо барих мэдээллээ шинэчилж байх үүрэгтэй бөгөөд шинэчлээгүйгээс үүдэх үр дагаврыг өөрөө хариуцна.

40 дүгээр зүйл. Хэрэглэх хууль, маргаан шийдвэрлэх

40.1. Энэхүү Нөхцөл болон түүнээс үүдэх харилцааг Монгол Улсын хуулиар зохицуулж, тайлбарлана.

40.2. Маргааныг талууд эвийн журмаар харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

40.3. Маргаан шийдвэрлэхэд Платформын аудитын мөр, цагийн бүртгэл болон нотлох чадвартай баталгаажуулалтын тайлан нь анхдагч нотлох баримт болно.

41 дүгээр зүйл. Бусад

41.1. Харилцагч нь Нөхцөл болон гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ Үйлчилгээ үзүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх эрхгүй. Үйлчилгээ үзүүлэгч нь өөрчлөн байгуулагдсан тохиолдолд эрх, үүргээ эрх залгамжлагчид шилжүүлж болно.

41.2. Нөхцөлийн аль нэг заалт хүчин төгөлдөр бус болсон нь бусад заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

41.3. Нөхцөлийг монгол хэлээр үйлдэнэ. Бусад хэл рүү орчуулсан хувилбартай зөрчилдвөл монгол хэл дээрх хувилбар дагаж мөрдөгдөнө.

41.4. Нөхцөл нь талуудын хооронд түншлэл, хамтарсан үйлдвэр, төлөөлөл буюу ажил олгогч-ажилтны харилцаа үүсгэхгүй.

41.5. Нөхцөлд заагаагүй асуудлыг Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

ХАВСРАЛТ 1. ЭРХИЙН ХҮРЭЭНИЙ ЗАГВАРУУД

Эрх баригч Төлөөлөгчид эрх олгохдоо дараах загварын аль нэгийг сонгох, эсхүл өөрөө тохируулж тогтооно. Хэлцлийн дүнгийн хязгаарыг Эрх баригч тухайн Байгууллагын дотоод журамд нийцүүлэн тогтооно.

КодЗагварБагтах баримтНотариатын гэрчлэл
S-01Санхүүгийн баримтНэхэмжлэх, акт, төлбөрийн баримт, тооцоо нийлэх актШаардлагагүй
S-02Худалдан авалтХудалдан авалтын гэрээ, захиалга /PO/Шаардлагагүй
S-03Хүний нөөцХөдөлмөрийн гэрээ, нууцлалын гэрээ, тушаалШаардлагагүй
S-04Татвар, тайланТатварын тайлан, санхүүгийн тайлан, статистик мэдээШаардлагагүй
S-05Банк, санхүүБанкны маягт, гүйлгээний зааварШаардлагагүй
S-06Албан бичигАлбан бичиг, тодорхойлолт, лавлагааШаардлагагүй
S-07Худалдааны гэрээНийлүүлэлт, түгээлт, үйлчилгээний гэрээШаардлагагүй
S-08Гадаад худалдааЭкспорт, импортын гэрээ, гаалийн баримтХэлцлийн төрлөөс хамаарна
S-09Эд хөрөнгө захиран зарцуулахҮл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл шилжүүлэхШаардагдаж болно
S-10Тусгай эрхШүүхэд төлөөлөх, барьцаа тавихШаардагдаж болно

ХАВСРАЛТ 2. ДЭМЖЛЭГИЙН СУВАГ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮВШНИЙ ХУРААНГУЙ

Үйлчилгээний түвшин, хариу өгөх хугацаа, нөхөн олговрын нөхцөлийг Нөхцөлийн VIII хэсэгт заасан. Тухайн Харилцагчид хамаарах түвшинг Арилжааны хавсралтаар тодорхойлно.

Дэмжлэгийн сувагАжиллах цаг
Гэрчилгээ, итгэмжлэл яаралтай түдгэлзүүлэх, цуцлах24/7
Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил мэдээлэх24/7
Техникийн дэмжлэгАрилжааны хавсралтад заасан
Ерөнхий дэмжлэг, гомдолАжлын өдөр 09:00–18:00

ХАВСРАЛТ 3. ХОЛБОО БАРИХ

ЗорилгоХаяг
Ерөнхий дэмжлэг, гомдолeIDsupport@gerege.com
Гэрчилгээ, итгэмжлэл түдгэлзүүлэх /24/7/eIDsupport@gerege.com
Хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлтeIDsupport@gerege.com
Мэдээллийн аюулгүй байдлын зөрчилeIDsupport@gerege.com

Үйлчилгээ үзүүлэгчийн хаяг, харилцах утас болон шинэчилсэн холбоо барих мэдээллийг цахим хуудсанд байршуулна.

ХАВСРАЛТ 4. ХУВИЛБАРЫН ТҮҮХ

ХувилбарОгнооӨөрчлөлтийн агуулга
1.02026.09.11Анхны хувилбар.
1.12026.09.18Сувгийн түншийн нөхцөл /VII хэсэг/, нөхөн олговрын журам /25 дугаар зүйл/, үйлчилгээ түдгэлзүүлэх, гэрээ цуцлах /XII хэсэг/, Нөхцөлд өөрчлөлт оруулах, мэдэгдэл, маргаан шийдвэрлэх /XIV хэсэг/ болон хувилбарын түүхийг нэмсэн. Зүйлийн дугаарлалтын залруулга хийж, хэсгүүдийн харилцан заалтыг нийцүүлэв.

Хэсэг 2

Гэрчилгээ эзэмшигч иргэнд зориулсан нөхцөл

e-ID Mongolia аппаар цахим гарын үсгийн гэрчилгээ авч ашиглаж буй иргэнд хамаарна (дээрх Нөхцөлийн 5.3).

1. Ерөнхий заалт

Gerege Systems ХХК (цаашид «бид», «манай») нь Монгол Улсын иргэдэд зориулсан цахим иргэний үнэмлэхний албан ёсны Гэрчилгээ олгогч байгууллага (Certificate Authority, CA) бөгөөд цахим гарын үсгийн гэрчилгээ олгох, баталгаажуулах үйлчилгээ үзүүлдэг. Үйлчилгээг ашиглаж буй хэрэглэгч нь Монгол Улсын Цахим гарын үсгийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, болон энэхүү нөхцөлийг бүрэн дагаж мөрдөнө.

Улсын бүртгэлийн дугаар 6235972. Энэ хэсэг нь гэрчилгээ эзэмшигч иргэнтэй үүсэх харилцааг зохицуулна (Цахим гарын үсгийн тухай хуулийн 16.6; дээрх Нөхцөлийн 5.3).

2. Үйлчилгээний тодорхойлолт

e-ID Mongolia үйлчилгээ нь дараах үндсэн бүрэлдэхүүн хэсгээс тогтоно:

  • Цахим гарын үсгийн гэрчилгээ олгох (ДАН системээр баталгаажсан иргэнд)
  • Гар утсаар цахим гарын үсэг зурах (iOS, Android)
  • Найдвартай тал (Relying Party, RP)-уудаас ирэх баталгаажуулалт, гарын үсэг зурах хүсэлтийг боловсруулах
  • Бүртгэгдсэн RP-уудтай TLS-ээр аюулгүй өгөгдөл солилцох
  • Гэрчилгээний хүчин төгөлдөр байдлыг бодит цагт мэдээлэх (OCSP, CRL)

3. Үйлчилгээ авах эрх

Үйлчилгээг дараах нөхцөлийг хангасан этгээд ашиглана:

  • Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн (Цахим гарын үсгийн тухай хуулийн дагуу)
  • (б) гадаадын 18 нас хүрсэн иргэн — NFC чиптэй хүчин төгөлдөр паспорттой, паспортын чип болон царайны тулгалтаар баталгаажих боломжтой
  • Хүчин төгөлдөр иргэний үнэмлэхтэй
  • ДАН системээр баталгаажих боломжтой
  • iOS 15+ эсвэл Android 7+ үйлдлийн системтэй төхөөрөмжтэй

18 нас хүрээгүй хүүхэд болон хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр эрх нь хязгаарлагдсан этгээд Үйлчилгээ ашиглах эрхгүй.

4. Бүртгэл, нэвтрэлт

Үйлчилгээг ашиглахын тулд та дараах алхмуудыг хийнэ:

  • ДАН системээр өөрийгөө баталгаажуулах (регистрийн дугаар, биометр)
  • PIN код тохируулах: нэвтрэхэд PIN1 (4 орон), гарын үсэг зурахад PIN2 (6 орон). PIN кодыг найдвартай хадгалах нь Таны үүрэг
  • Биометр түгжээ (Face ID / Touch ID / хурууны хээ) идэвхжүүлэх боломжтой
  • Хувийн түлхүүр хоёр хуваагдан хадгалагдана: нэг хэсэг нь таны төхөөрөмжийн хамгаалагдсан санах ойд, нөгөө хэсэг нь манай серверт, криптограф модуль (HSM) доторх түлхүүрээр шифрлэгдсэн хэлбэрээр. Аль нэг тал дангаараа хүчин төгөлдөр гарын үсэг үүсгэж чадахгүй; бид таны хувийн түлхүүрийг бүрэн хэлбэрээр хуулбарлаж авахгүй бөгөөд таны зөвшөөрөлгүйгээр гарын үсэг үүсгэхгүй (Нөхцөлийн 14 дүгээр зүйл)
  • Гарын үсэг бүрийг PIN эсвэл биометрик баталгаажуулалтаар, таны санаатай, идэвхтэй үйлдлээр үүсгэнэ; юунд гарын үсэг зурж байгааг дэлгэцэд харуулна (Нөхцөлийн 15 дугаар зүйл)

Бүртгэлтэй холбоотой сэжигтэй үйлдэл илэрсэн тохиолдолд та eIDsupport@gerege.com хаягт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

5. Хэрэглэгчийн үүрэг

  • PIN кодоо бусадтай хуваалцахгүй, найдвартай хадгалах
  • Төхөөрөмжөө бусдад өгөхгүй, алдсан буюу хулгайлагдсан тохиолдолд гэрчилгээгээ нэн даруй хүчингүй болгох
  • Гэрчилгээний мэдээллийг үнэн зөв байлгах, өөрчлөгдсөн тохиолдолд бидэнд мэдэгдэх
  • Хууль бус, луйврын зорилгоор Үйлчилгээг ашиглахгүй байх
  • Аюулгүй байдлын зөрчил, хувийн түлхүүрийн нууц алдагдсан гэж үзвэл нэн даруй мэдэгдэх (eIDsupport@gerege.com, 24/7)
  • Үйлдлийн систем болон аппликейшнаа сүүлийн хувилбарт шинэчилж байх

6. Гэрчилгээний хүчин төгөлдөр байдал

Цахим гарын үсгийн гэрчилгээний хүчин төгөлдөр байдлын нөхцөл:

  • Гэрчилгээ олгогдсоноос хойш 5 жилийн хугацаанд хүчинтэй (гэрчилгээ олгогч CA-ийн хүчинтэй хугацаанаас хэтрэхгүй; одоогийн гинж 2031-01-30 хүртэл)
  • Хугацаа дуусахаас өмнө шинэчлэх (renew) боломжтой
  • Дараах тохиолдолд гэрчилгээ хүчингүй болно: хэрэглэгчийн хүсэлтээр; төхөөрөмж алдагдсан буюу хулгайлагдсан; гэрчилгээний мэдээлэл задарсан; хэрэглэгч нас барсан; эрх бүхий байгууллагын хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр
  • Хүчингүй болсон гэрчилгээг дахин сэргээх боломжгүй — хэрэглэгч шинэ гэрчилгээ авах шаардлагатай
  • Хүчингүй болсон төлөвийг OCSP / CRL-ээр RP-уудад бодит цагт мэдээлнэ
  • Төхөөрөмж солих, PIN мартсан тохиолдолд ДАН систем ба Liveness check, эсвэл G-Sign тоон гарын үсгээр дахин бүртгүүлж сэргээнэ; шинэ гэрчилгээ олгогдоход өмнөх гэрчилгээ цуцлагдана (Нөхцөлийн 16 дугаар зүйл)

7. Хориглох үйлдэл

Үйлчилгээг ашиглахдаа дараах үйлдлийг хийхийг хориглоно:

  • Бусдын нэрийг хуурамчаар ашиглах, хуурамч баримт бичигт гарын үсэг зурах
  • Аппликейшныг reverse engineer хийх, эх кодыг өөрчлөх, jailbreak / root хийсэн төхөөрөмж дээр ашиглах
  • Аюулгүй байдлын механизмыг тойрох, халдлагын зорилгоор турших
  • Үйлчилгээний дэд бүтцэд DDoS, brute-force зэрэг халдлага үзүүлэх
  • Хувийн түлхүүрийг гарган авахыг оролдох, биометр баталгаажуулалтыг хуурах
  • Bot, scraper, автоматжуулсан скриптээр Үйлчилгээг ашиглах
  • Хууль бус мэдээллийг баталгаажуулах, нууцлахад хувийн түлхүүр ашиглах; төрийн нууцад хамаарах мэдээлэлд Үйлчилгээг ашиглах (Нөхцөлийн 28 дугаар зүйл)

8. Оюуны өмчийн эрх

e-ID Mongolia аппликейшн, лого, дизайн, эх код, баримт бичгийн оюуны өмчийн эрх нь Gerege Systems ХХК-д харьяалагдана. Үйлчилгээг хувь хүний хэрэгцээнд ашиглахаас бусад тохиолдолд (хуулбарлах, тараах, өөрчлөх, борлуулах, орчуулах, өөр бүтээгдэхүүнд оруулах гэх мэт) бичгээр өгсөн зөвшөөрөл шаардагдана.

9. Үйлчилгээ зогсоох, хүчингүй болгох

Бид дараах тохиолдолд таны Үйлчилгээ авах эрхийг түр зогсоох буюу хүчингүй болгоно:

  • Энэхүү нөхцөлийг зөрчсөн
  • Луйвар, хууль бус үйлдэлд оролцсон
  • Үйлчилгээний аюулгүй байдалд эрсдэл учруулсан
  • Эрх бүхий байгууллагын хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр

Та хэзээ ч аппликейшн доторх «Бүртгэл устгах» товчоор Үйлчилгээг ашиглахаа зогсоох эрхтэй. Бүртгэл устгасан тохиолдолд хувийн мэдээллийг 30 хоногийн дотор устгана; харин хуулиар хадгалах бүртгэлийг Нөхцөлийн 17.2-т заасан хугацаагаар хадгална: гэрчилгээ, итгэмжлэлийн бүртгэл — гэрчилгээ дуусгавар болсноос хойш 10 жил; гарын үсгийн бүртгэл — 10 жил; системийн хандалтын лог — 5 жил.

10. Хариуцлагын хязгаарлалт

e-ID Mongolia нь дараах нөхцөлд хариуцлага хүлээхгүй:

  • Хэрэглэгчийн PIN код задарсан буюу төхөөрөмж алдагдсанаас үүдсэн хохирол
  • Гуравдагч этгээд (RP)-ийн зүй бус ашиглалтаас үүдсэн хохирол
  • Хэрэглэгч худал мэдээлэл оруулсан буюу ДАН баталгаажуулалтыг тойрсноос үүдсэн хохирол
  • Давагдашгүй хүчин зүйл (force majeure), кибер халдлага, төрийн зохицуулалтын өөрчлөлтөөс үүдсэн үйлчилгээний зогсолт
  • Интернэт холболт болон хэрэглэгчийн төхөөрөмжийн доголдол

Манай нийт хариуцлагын дээд хэмжээ нь сүүлийн 12 сарын хугацаанд таны бидэнд төлсөн төлбөртэй тэнцэхүйц хэмжээгээр хязгаарлагдана. Үйлчилгээ нь иргэдэд үнэгүй үзүүлэгдэх тул эдгээр хариуцлагын хязгаарлалтыг хуулиар зөвшөөрөгдсөн хамгийн их хүрээнд хэрэгжүүлнэ.

11. Маргаан шийдвэрлэх

Энэхүү нөхцөлтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд талууд эхлээд хэлэлцээний замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. 30 хоногийн дотор тохиролцоонд хүрч чадаагүй бол маргааныг Монгол Улсын эрх бүхий шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлнэ. Энэхүү нөхцөл нь Монгол Улсын хуулиар зохицуулагдана.

12. Нөхцөлийн шинэчлэлт

Бид Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй. Үндсэн өөрчлөлт оруулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө аппликейшн болон вэб сайтаар дамжуулан мэдэгдэнэ. Нөхцөл шинэчлэгдсэний дараа Үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласнаар та шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол та Үйлчилгээг ашиглахаа зогсоож, бүртгэлээ устгах эрхтэй.

13. Хууль зүйн зохицуулалт

Үйлчилгээ дараах хууль, стандартад нийцэн ажиллана:

  • Цахим гарын үсгийн тухай хууль (2021-12-17-ны шинэчилсэн найруулга, 2022-05-01-ээс мөрдөгдөж буй)
  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021)
  • Кибер аюулгүй байдлын тухай хууль (2021)
  • Олон улсын ETSI EN 319 4xx Trust Services стандарт
  • RESTful API + TLS дээр суурилсан харилцан ажиллагаа (interoperability)-ны стандарт

14. Холбоо барих

Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт байвал бидэнтэй холбогдоно уу:

  • Имэйл: eIDsupport@gerege.com — ерөнхий дэмжлэг, гомдол, хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлт, мэдээллийн аюулгүй байдлын зөрчил (Нөхцөлийн Хавсралт 3)
  • Гэрчилгээ цуцлуулах, аюулгүй байдлын зөрчил мэдээлэх — 24/7; ерөнхий дэмжлэг — ажлын өдөр 09:00–18:00 (Хавсралт 2)
  • Утас: +976 7777 3773
  • Хаяг: Gerege Systems ХХК, Улаанбаатар хот, Монгол Улс