Нууцлалын бодлого

Сүүлд шинэчлэгдсэн: 2026-10-21

Энэхүү Нууцлалын бодлого нь e-ID Mongolia үйлчилгээ — гар утасны апп ба eidmongolia.mn портал («Үйлчилгээ»)-г ашиглагчийн хувийн мэдээллийг бид хэрхэн цуглуулдаг, хадгалдаг, хамгаалдаг, ашигладаг талаар тайлбарлана. Апп нь Монгол Улсын цахим үнэмлэх (e-ID)-ийн цахим гарын үсэг, нэвтрэлтийн үйлчилгээг агуулдаг. Уг бодлогыг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021), Цахим гарын үсгийн тухай хууль, олон улсын GDPR-ийн зарчмуудтай нийцүүлэн боловсруулсан.

1. Хариуцагч этгээд

Gerege Systems ХХК («Гэрэгэ Системс» ХХК; улсын бүртгэлийн дугаар: 6235972; «бид», «манай») нь e-ID Mongolia аппликейшныг хөгжүүлэгч, Монгол Улсын Цахим иргэний үнэмлэхний албан ёсны цахим гэрчилгээ олгогч байгууллага бөгөөд энэхүү Нууцлалын бодлогын хариуцагч этгээд (data controller) юм. Албан хаяг: Улаанбаатар хот, Монгол Улс. Ерөнхий асуулт болон хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлт: eIDsupport@gerege.com.

2. Цуглуулдаг өгөгдөл

Аппыг ашиглах явцад бид дараах хувийн мэдээллийг цуглуулна:

  • Иргэний үнэмлэхний мэдээлэл: регистрийн дугаар, овог, нэр, төрсөн он, сар, өдөр (ДАН системээр баталгаажсан)
  • Танин баталгаажуулалт (KYC)-ын нүүрний зураг: бүртгэлийн болон сэргээлтийн үед авсан selfie зургийг таны зөвшөөрлийн үндсэн дээр, зөвхөн таних, сэргээх зорилгоор иргэний бүртгэлийн зурагтай харьцуулж ТҮР боловсруулна. Зураг болон биометрик загвар серверт хадгалагдахгүй — зөвхөн харьцуулалтын үр дүн (оноо, тэнцсэн эсэх) хадгалагдана.
  • Төхөөрөмжийн мэдээлэл: төхөөрөмжийн ID, үйлдлийн систем (iOS/Android), үйлдлийн системийн хувилбар
  • Мэдэгдэл хүлээн авах токен: Apple APNs / Google FCM push token
  • Криптографийн мэдээлэл: нээлттэй түлхүүр (public key), гэрчилгээний мета өгөгдөл (metadata)
  • Хэрэглээний мэдээлэл: гарын үсэг зурсан session-уудын цаг хугацаа, найдвартай тал (RP)-уудаас ирсэн хүсэлт
  • Гарын үсгийн бүртгэл (өөрчлөх боломжгүй байдлаар хөтөлнө): хэн (эзэмшигчийн нэр, гэрчилгээний дугаар), хэзээ (цагийн бүртгэлээр), юунд (баримтын нэр, хэш), ямар үүргээр (өөрийн нэрээр эсхүл байгууллагыг төлөөлж), ямар итгэмжлэлээр (итгэмжлэлийн дугаар, эрхийн хүрээ), аль төхөөрөмж, аль IP хаягаас, үр дүн (амжилттай, татгалзсан, эсхүл хязгаараас хэтэрсэн)
  • Аюулгүй байдлын дохио (RASP): root, jailbreak, debugger зэрэг хэвийн бус нөхцөл илэрсэн эсэхийг илэрхийлэх boolean флаг утга

3. Цуглуулдаггүй өгөгдөл

Дараах мэдээллийг бид хэзээ ч цуглуулдаггүй, серверт хадгалдаггүй:

  • PIN1, PIN2 кодыг ямар ч хэлбэрээр (ил текст ч, хэш ч) — PIN зөвхөн таны утасны тоног төхөөрөмжийн (hardware) хамгаалалттай хэсэгт үлдэнэ
  • Хувийн түлхүүр (private key)-ийг бүрэн хэлбэрээр — түлхүүр хоёр хэсэгт хуваагдан хадгалагдана (6 дугаар хэсгийг үзнэ үү). Бид таны хувийн түлхүүрийг бүрэн хэлбэрээр хэзээ ч хуулбарлаж авахгүй.
  • Биометрик загвар (template) — серверт хэзээ ч хадгалагдахгүй. Face ID / Touch ID / хурууны хээгээр төхөөрөмжөө баталгаажуулах биометрийг таны төхөөрөмжийн үйлдлийн систем зохицуулах бөгөөд апп болон серверт дамждаггүй.
  • Байршил (GPS) мэдээлэл
  • Вэб хөтчийн түүх, хайлтын түүх
  • Холбоо барих хүмүүсийн жагсаалт (Contacts), гэрэл зургийн сан, файлууд

4. Мэдээллийн ашиглалт

Цуглуулсан мэдээллийг зөвхөн дараах зориулалтаар ашиглана:

  • Таныг ДАН системээр иргэний бүртгэлээс баталгаажуулах
  • Цахим гарын үсгийн гэрчилгээ олгох, хүчингүй болгох, шинэчлэх
  • Төхөөрөмж солих, PIN мартсан үед сэргээх — ДАН систем ба Liveness check, эсхүл G-Sign тоон гарын үсгээр дахин бүртгэнэ; шинэ гэрчилгээ олгогдоход өмнөх гэрчилгээ цуцлагдана
  • Найдвартай тал (RP)-уудаас ирсэн нэвтрэх болон гарын үсэг зурах хүсэлтийг боловсруулах
  • Хүлээгдэж буй хүсэлтийн талаар push мэдэгдэл илгээх
  • Аюулгүй байдлын хяналт, луйврын илрүүлэлт хийх

5. Гуравдагч этгээдтэй хуваалцалт

Бид таны хувийн мэдээллийг зөвхөн дараах нөхцөлд гуравдагч этгээдтэй хуваалцана:

  • Найдвартай тал (RP)-уудтай: системд бүртгэгдсэн RP-нүүдтэй, танаас тус бүрд нь зөвшөөрөл авсны дараа л дамжуулна. Нэвтрэх болон гарын үсэг зурах хүсэлт бүрд тусдаа зөвшөөрөл шаардана. Итгэмжлэлийн талаар Итгэгч талд илгээх мэдэгдэлд зөвхөн итгэмжлэлийн төлөв болон эрхийн хүрээ орох бөгөөд түүнээс илүү мэдээлэл дамжуулахгүй.
  • Дэд гүйцэтгэгчтэй: үйлчилгээний тодорхой хэсгийг гүйцэтгэдэг дэд гүйцэтгэгч таны мэдээллийг боловсруулж болох бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааг бид өөрөө хариуцна. Хувийн мэдээлэл боловсруулахад оролцох дэд гүйцэтгэгчийн жагсаалтыг хүсэлтээр гаргаж өгөх ба жагсаалтад өөрчлөлт орох тохиолдолд 30 хоногийн өмнө мэдэгдэнэ.
  • Push мэдэгдэл дамжуулагч (Apple APNs / Google FCM)-аар зөвхөн төхөөрөмжийн token-ыг дамжуулна. Хувийн мэдээлэл агуулсан агуулга (payload) илгээхгүй.
  • Эрх бүхий байгууллагад — зөвхөн Цахим гарын үсгийн тухай хуулийн 30.1-д заасан тохиолдолд

Бид гэрчилгээ эзэмшигчийн нууцыг задруулахгүй бөгөөд таны хувийн мэдээлэл, гарын үсгийн бүртгэлд хамаарах нууцлалын үүрэг хугацаагүй. Бид таны мэдээллийг хэзээ ч зарж борлуулахгүй, маркетинг буюу сурталчилгааны зориулалтаар ашиглахгүй.

6. Аюулгүй байдлын арга хэмжээ

Таны мэдээллийг хамгаалахын тулд дэлхийн жишигт нийцсэн дараах техникийн арга хэмжээг хэрэгжүүлсэн:

  • TLS 1.2 / 1.3 ба HSTS — апп, портал, API-ийн урсгал шифрлэгдэнэ
  • PostgreSQL Row-Level Security (RLS) — хэрэглэгч бүр зөвхөн өөрийн өгөгдлөө харна
  • eidmongolia.mn порталын дансны үйл ажиллагааны бүртгэл hash-chain бүтэцтэй — бичлэг хуурамчаар өөрчлөгдсөн тохиолдол илэрнэ
  • PIN1, PIN2 зөвхөн таны утасны тоног төхөөрөмжийн (hardware) хамгаалалттай хэсэгт хадгалагдана — сүлжээгээр дамжихгүй, серверт хадгалагдахгүй
  • Түлхүүрийн хуваалт — хувийн түлхүүрийн нэг хэсэг таны төхөөрөмжийн хамгаалагдсан санах ойд, нөгөө хэсэг нь манай серверт, криптограф модуль (HSM) доторх түлхүүрээр шифрлэгдэж хадгалагдана. Аль ч тал дангаараа хүчин төгөлдөр гарын үсэг үүсгэх боломжгүй бөгөөд бид таны зөвшөөрөлгүйгээр гарын үсэг үүсгэхгүй.
  • Secure Enclave (iOS) / Trusted Execution Environment (Android) — түлхүүрийн төхөөрөмж дээрх хэсгийг тоног төхөөрөмжийн (hardware) түвшинд хамгаална
  • Дан ганц хяналт — гарын үсэг бүрд PIN эсхүл биометрик баталгаажуулалт шаардаж, юунд гарын үсэг зурж байгааг дэлгэцэд харуулна; гарын үсэг зөвхөн таны санаатай, идэвхтэй үйлдлээр үүснэ
  • Apple App Attest / Google Play Integrity — албан ёсны, өөрчлөгдөөгүй апп эсэхийг сервер талд баталгаажуулна

Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил илэрвэл бид илрүүлснээс хойш 24 цагийн дотор нөлөөлөлд өртсөн эзэмшигчдэд мэдэгдэж, эрх бүхий байгууллагад хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Шаардлагатай тохиолдолд нөлөөлөлд өртсөн гэрчилгээг даруй цуцална.

7. Хадгалах хугацаа

Бид таны мэдээллийг дараах хугацаагаар хадгална:

  • Гэрчилгээ, итгэмжлэлийн бүртгэл: гэрчилгээ дуусгавар болсноос хойш 10 жил (Цахим гарын үсгийн тухай хуулийн 13.2, 20.2.5)
  • Гарын үсгийн бүртгэл: 10 жил; урт хугацааны хадгалалт (P10)-ын гэрээтэй бол гэрээт хугацаагаар (Цахим гарын үсгийн тухай хуулийн 9, 20.2.5)
  • Системийн хандалтын лог: 5 жил (мэдээллийн аюулгүй байдлын зорилгоор)
  • KYC selfie зураг: хадгалагдахгүй (зөвхөн харьцуулалтын үр дүн үлдэнэ)
  • Push token ба түлхүүрийн серверт хадгалагдах хэсэг: апп доторх «Бүртгэл устгах» үйлдэл хүртэл — үйлдэл хиймэгц шууд устгана

Хадгалах хугацаа дууссан бүртгэлийг хууль тогтоомжид заасан журмын дагуу устгана. Бүртгэлээ устгасан тохиолдолд хуулиар хадгалах дээрх бүртгэлээс бусад хувийн мэдээлэл 30 хоногийн дараа устгагдана.

8. Хэрэглэгчийн эрх

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу та дараах эрхтэй:

  • Бидэнд хадгалагдаж буй өөрийн мэдээлэлтэй танилцах эрх
  • Алдаатай эсвэл хуучирсан мэдээллээ засуулах эрх
  • Мэдээллээ устгуулах эрх — апп доторх «Бүртгэл устгах» товчоор (PIN1-ээр баталгаажуулна) бүртгэлээ устгахад бүх төхөөрөмж салж, аппликейшны болон USB токенд олгосон хүчинтэй бүх гэрчилгээ (байгууллагын нэрийн өмнөөсх гэрчилгээ орно) цуцлагдана; гэрчилгээнд ороогүй хувийн мэдээлэл хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дараа устгагдана; гэрчилгээ, гарын үсгийн түүх болон хуулиар хадгалах бусад бүртгэлийг (7 дугаар хэсэг; Үйлчилгээний нөхцөлийн 17.2) хадгалах хугацаа нь дууссаны дараа устгана. Энэ 30 хоногийн дотор дахин бүртгүүлбэл хувийн мэдээлэл тань устахгүй, гэхдээ өмнөх гэрчилгээ цуцлагдсан хэвээр тул шинэ гэрчилгээ олгогдож, байгууллагын төлөөллийн эрхээ дахин холбоно
  • Мэдээлэл боловсруулах зөвшөөрлөө буцаан татах эрх
  • Мэдээллээ машинд уншигдах хэлбэрээр татаж авах эрх — апп доторх «Мэдээллээ татах» товчоор, PIN1-ээр баталгаажуулж; профайл, гэрчилгээ (PEM), нэвтрэлт ба гарын үсгийн түүх нэг JSON файлаар (өдөрт 3 хүртэл удаа)
  • Хяналтын байгууллагад гомдол гаргах эрх — Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)

Бүртгэл устгах болон мэдээлэл татах үйлдлийг PIN1-ээр баталгаажуулна; PIN1-ээ мартсан бол эхлээд дахин бүртгүүлнэ үү, эсвэл дэмжлэгт хандана уу.

Эрхээ эдлэхийн тулд eIDsupport@gerege.com хаягаар хүсэлтээ илгээнэ үү. Бид ажлын 10 өдрийн дотор хариу өгнө.

eidmongolia.mn портал дээрх дансаа та профайл хуудаснаасаа өөрөө устгаж болно; энэ нь апп доторх e-ID бүртгэл устгахаас тусдаа үйлдэл.

9. Хүүхдийн өгөгдөл

e-ID Mongolia аппликейшны цахим гарын үсгийн үйлчилгээг зөвхөн 18 нас хүрсэн иргэн ашиглах боломжтой (Цахим гарын үсгийн тухай хуулийн дагуу). Бид 18 нас хүрээгүй хүүхдийн мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй. Ийм мэдээлэл бүртгэгдсэн нь илэрвэл нэн даруй устгана.

10. Хил дамнасан дамжуулалт

Таны хувийн мэдээллийг хадгалдаг бүх сервер Монгол Улсын нутаг дэвсгэрт байрладаг. Push мэдэгдэл нь Apple (APNs) болон Google (FCM)-ийн дэд бүтцээр дамжина — гэхдээ зөвхөн төхөөрөмжийн token л дамждаг бөгөөд хувийн мэдээлэл агуулсан агуулгыг (payload) эдгээр сувгаар хэзээ ч илгээхгүй.

11. Бодлогын шинэчлэлт

Энэхүү бодлогод үндсэн өөрчлөлт оруулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө аппликейшн болон вэб сайтаар дамжуулан мэдэгдэнэ. Шинэчилсэн огноог хуудасны эхэнд тэмдэглэнэ. Шинэчлэлийн дараа Аппыг үргэлжлүүлэн ашигласнаар та шинэ бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

12. Холбоо барих

Энэхүү бодлоготой холбоотой ямар нэгэн асуулт, хүсэлт байвал бидэнтэй холбогдоно уу:

  • Имэйл (ерөнхий асуулт, хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлт, аюулгүй байдлын зөрчил): eIDsupport@gerege.com
  • Утас: +976 7777 3773
  • Хаяг: Gerege Systems ХХК, Улаанбаатар хот, Монгол Улс

Энэхүү бодлогыг монгол хэлээр үйлдсэн бөгөөд бусад хэл дээрх орчуулгатай зөрчилдвөл монгол хэл дээрх хувилбар дагаж мөрдөгдөнө.